Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хамгаалсан байгаль- Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Монгол- Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн сурагчдад 2026 оны 10 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд байгаль орчноо бохирдуулахгүй байх, хог хаягдлаа зөв ангилан ялгаж хаях, ус болон эрчим хүчийг хэмнэх, мод тарих зэргээр хүрээлэн байгаа орчноо хамгаалах талаар экологийн боловсрол олгож, мөн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг болон байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан ойлгомжтой байдлаар тайлбарлаж мэдээлэл өглөө.
Сургалтад дунд, ахлах ангийн 160 орчим сурагч хамрагдсан бөгөөд байгаль хамгаалах үйлсэд хүүхэд бүрийн оролцоо чухал болохыг онцолж, оролцоог нь хангах зорилгоор, санал, сэтгэгдлийг сонсож харилцан ярилцаж, сургалтыг үр дүнтэй зохион байгууллаа.
Энэ үеэр хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмж, сэрэмжлүүлэг бүхий гарын авлагыг тараалаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар