Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн ерөнхий боловсролын нийт 46 сургуулийн ахлах ангийн 11800 гаруй сурагчдын дунд “Үе тэнгийн дээрэлхэлт”-тэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулгатай “Бидний эрх-эрхээ хамгаалах нь” сэдэвт Рийл /reel/ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд нийт 9 сургуулийн 13 анги оролцож, 19 бүтээлийг ирүүлсэн бөгөөд ахлах ангийн хүүхдүүд “Үе тэнгийн дээрэлхэлт”-ийг өөрсдийн нүдээр харж тодорхойлж, өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон саналыг хөндсөн агуулгатай бичлэгийг бүтээж оролцсон нь онцлог байлаа.
Уралдааны тэргүүн байранд, Нийслэлийн ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн 10В бүлэг, дэд байранд Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ-Үе сургуулийн сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн бүтээл, гуравдугаар байранд Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 10В ангийн 1 дүгээр багийн бүтээл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулан, уралдаанд оролцсон бүх сурагчдад талархал, гарын бэлэг гардууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар