ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

A- A A+
ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргээр 2025 онд 217 хүнд холбогдох 190 хэрэгт, 2026 оны I улирлын байдлаар 38 хүнд холбогдох 35 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэсэн байна. 

Ойн тухай хуульд зааснаар арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван зориулалтаар зөвшөөрөлтэйгөөр зөвхөн огтлолтоор мод бэлтгэхийг хууль ёсны гэж үзэх бөгөөд гэрээ, зөвшөөрөлгүй, эсхүл зөвшөөрсөн тоо хэмжээнээс хэтрүүлж мөн зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүй мод бэлтгэх” гэдэгт ой, ойн сан бүхий газарт ургасан модыг зохих зөвшөөрөлгүйгээр шууд санаатай, шунахайн сэдэлтээр халдаж, хөрөөдөх, тастах, цагаалах зэрэг огтлох үйлдлээс гадна модыг технологийн бус аргаар тухайлбал, үндэстэй нь хөрснөөс сугалах, булгалах зэргээр газрын гадарга, хүрээлэн буй орчноос салган авч ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, төлөв байдлыг доройтуулсан аливаа сөрөг үйлдэл хамаарна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн хэргийн талаар тоймлон хүргэж байна. 

- Төрийн албан хаагч С.Т нь 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гүнжийн ам” гэх газраас улиангар, шинэс зэрэг модыг зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх шилжүүлсэн. Шүүхээс С.Т-г гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 35,8 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Иргэн уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон ахуйн хэрэглээний хэрэгцээнд ойгоос мод бэлтгэхдээ Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтад зааснаар мод бэлтгэх хүсэлтээ ойн анги, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчид гаргаж шийдвэрлүүлэх журамтай болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 8.2 хувийг ойн сан бүхий газар эзэлж, нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа тул иргэд та бүхэн Монгол Улсын Үндсэн хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хүлээсэн “Байгалиа хамгаалах” журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна.