Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн болон “Орон нутгийн хөгжлийн бодлого судлалын төв”-тэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны арга, аргачлал ашиглан 2022-2024 оны байдлаар судалж, судалгааны дүнг үндэслэн гэмт хэргийн дүр төрх, шийдлийг хэлэлцүүлэх уулзалт, зөвлөгөөн зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнууд болон хороодын Засаг дарга, тус дүүргийн прокурорын газрын прокурорууд оролцож хэлэлцүүлэг хийжээ.
Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн 14 төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалсан судалгааны дүн, ач холбогдлын талаар судлаач А.Амарбал танилцуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2025 оны хагас жилд авч хэрэгжүүлсэн ажил, эрүүгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт болон төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийсэн байна.
Оролцогч нараас гаргасан санал, дүгнэлт, зөвлөмжийг нэгтгэн судалгааны тайланг хэвлүүлж олон нийтэд хүргэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар