Сүхбаатар дүүргийн прокурорын газраас санаачлан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сүхбаатар дүүрэг дэх салбартай хамтран сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд хүрэхүйн тухай ойлголт, эцэг, эх, асран хамгаалагч нарт үл хайхрах хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Найзууд” видео контентыг бэлтгэж хүргэлээ.
Тус контентоор дамжуулж хүүхэд хамгааллын талаар хэрэгжүүлж буй төрийн бодлогыг олон нийтэд хүргэх, хүүхдийн нас бие, сэтгэхүйн онцлогт тохируулан тэдэнд хүйсийн ялгаатай байдал, биеийн аль хэсэгт нь хүрч болох, болохгүй талаар, хүүхдийн зөвшөөрөлгүйгээр биед нь халдсан тохиолдолд хэнд хандах талаар анхан шатны ойлголт мэдлэг олгоно. Мөн эцэг, эх, асран хамгаалагч нар санаатай болон санамсаргүй байдлаар хүүхдийг үл хайхрах зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, үл хайхрах байдал хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар анхааруулах юм.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Найзууд контентыг тус дүүрэг дэх төрийн өмчийн 36, хувийн хэвшлийн 26 цэцэрлэгийн 9000 гаруй хүүхдүүд, тэдгээрийн эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарт таниулан сурталчлах эхлүүлсэн байна.
Энэхүү ажлын үр дүнд хүүхэд өөрийн бие эрхтнээ ойлгож таних, хүүхдэд багаас нь хүрэхүйн тухай үнэн зөв мэдлэг ойлголтыг өгснөөр гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, гэмт халдлагаас хамгаалах ойлголтыг өгөх, хүүхдэд хамгаалагдсан орчныг бий болгохыг зорьж байна.
Хүүхэд хамгааллын чиглэлээр олон нийтэд зориулсан ямар арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай байгаа талаар эцэг эх, асран хамгаалагчдын санал шүүмж, сэтгэгдлийг сонссоноор цаашдын үйл ажиллагаанд тусгаж ажиллах талаар хэлэлцүүлгийг зохион байгуулж хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар